Dayansoft ERP (FAQ)
Шинэчилсэн:2025/08/25 Унших:3 мин 38 сек
Модуль модулиар салгаж авч болдог уу?
Боломжгүй. Admin хэрэглэгч бусад хэрэглэгчийн ашиглах модуль, цонхны эрхийг тохируулдаг бөгөөд лиценз олгогдсон төхөөрөмжид програм хөгжүүлэгчийн зүгээс бүх модулийг хязгаарлалтгүйгээр ашиглах боломжтойгоор нээлттэй олгодог.
Банкны дансны хуулгаа автомат татах боломжтой юу?
Боломжтой. Банкны дансны хуулгыг нэг бүрчлэн шивэх, файлаас импортлохоос гадна шууд банкны corporate gateway, open bank үйлчилгээг ашиглан шууд татах боломжтой.
Анхан шатны маягтууд хэвлэгддэг үү?
Тийм. Анхан шатны бүртгэлээ системд хийж шууд хэвлэх, мэйлээр илгээх боломжтой. Жишээ нь, нэхэмжлэх, касс, харилцахын баримтууд, тооцоо нийлсэн акт, бараа материал, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын баримтууд, цалингийн карт гэх мэт. Мөн цахим тамга, гарын үсэгтэй анхан шатны баримт үүсгэж, хэвлэхгүйгээр мэйлээр илгээх боломжтой.
Зурагтай нэхэмжлэх, үнийн санал хэвлэх боломжтой юу?
Болно. Бараа бүтээгдэхүүний зургийн линкийг програмд тохируулснаар зурагтай нэхэмжлэх, үнийн санал бэлдэж илгээх боломжтой. Яг ямар загвараар хэвлэхээс шалтгаалж, Default загвараас гадна танай байгууллагад зориулсан үндсэн нэмэлт төлбөртэй загвар зурж тохируулж болно.
MS excel экспорт, импорт боломжтой юу?
Dayansoft ERP системийн цонхны хувьд Excel файлтай зохицон ажиллах, export, import хийхээс гадна, шууд copy, paste хийж дата мэдээллийг хялбараар оруулах боломжтой. Програмтай ажиллах үйлдлүүдтэй танилцаарай.
Үйл ажиллагааны чиглэлээс хамаарсан ялгаатай дансны төлөвлөгөөтэй юу?
Системийг анх суурилуулах үед Сангийн сайдын 2014 оны 249-р тушаалын хавсралт дахь ААН-н нягтлан бодох бүртгэлийн дансны жишиг жагсаалтыг оруулсан байх ба өөрийн байгууллагын онцлогт тохируулж зарим дансыг нэмж, хасч тохиргоо хийх боломжтой. Үйл ажиллагааны чиглэлээс хамаарсан өөр өөр дансны төлөвлөгөө санал болгохгүй ч салбар, өртгийн төв, бизнес төрөл, бүлэг, төвөөр ялган дансыг олноор нь хялбар үүсгэх боломжтой байдаг.
Олон компаний бүртгэлийг 1 бааз дээр хөтөлж болох уу?
Нэг мэдээллийн бааз дээр толгой болон салбар компаниудын ажил гүйлгээг салбар нэгж, өртгийн төв, дансаар ялган хөтлөх, салбар компани тус бүрээр тайлан баланс гаргах боломжтой. Энэ нь дундаа 1 мастер дата баазтай, салбар компани хооронд ажил гүйлгээ ихтэй, цаашид тус компаниуд салж тусдаа бааз үүсгэхгүй тохиолдолд л тохиромжтой бөгөөд үүнээс өөр тохиолдлуудад заавал 1 бааз дээр хөтлөхгүйгээр тус тусдаа баазад гүйлгээ хөтөлж болно.
Татварын бааз тусдаа авч болох уу? Бааз хооронд гүйлгээ хуулах боломжтой юу?
Болно. Байнгын болон түр зөрүү үүсч зөрүү зохицуулах тайлан баланс гаргадаг ААН-үүдийн хувьд татварын тайлан баланс гаргах, санхүү болон татварын бүртгэлээ үнэн зөв хөтлөх зорилгоор нэмэлтээр татварын бааз авч болно. Энэ тохиолдолд 2 бааз дээр ижил гүйлгээг зэрэг хөтлөх, мастер датаг ижил код нэршлээр давхар үүсгэх хэрэгцээ шаардлага байнга үүснэ. Гүйлгээ, мастер датаны тооноос хамаарч хэрэглэгч өөрөө нэг бүрчлэн шивэх, эсвэл excel export, import хийх аргаар өөрөө бааз хооронд гүйлгээгээ давхар оруулахаас гадна Даянсофт компаниар нэг удаагийн төлбөртэйгөөр бааз хооронд гүйлгээ хуулуулах боломжтой байдаг.
Програм албан ёсны зөвшөөрөлтэй юу?
Тийм. Сангийн яамнаас "Нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөгдсөн програм хангамж"-уудыг шалгаж, зөвшөөрөлтэй програмуудыг нийтэд мэдээллэдэг бөгөөд албан ёсны сайт дээр шинэчлэгдсэн нэрс орсон байдаг. Dayansoft ERP системийн хувьд 2025 онд шаардлага хангасан зөвшөөрлийн 2 дахь сунгалтаа амжилттай хийлгэж 2027.03.28-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай гэрчилгээгээ сунгуулсан.
МУ-н хууль журмын өөрчлөлтийг хэрхэн програмд оруулдаг вэ?
Хууль журам, татварын хувь хэмжээ өөрчлөлтийг бид програмдаа тогтмол оруулахдаа хэрэглэгчийн гар ажиллагаа, алдаа гаргах эрсдлийг аль болох бага байлгахаар зорин ажилладаг бөгөөд түгээмэл тохиолдох НӨАТ суутган төлөгч болох, НХАТ суутган төлөгч болох зэрэг тохиргоо нь автомат хийгддэг. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн цалингийн доод хэмжээний өөрчлөлт, НХАТ 2% болж нэмэгдсэн өөрчлөлтүүдийг хэрэглэгч огт үйлдэл хийхгүйгээр хугацаанаас хамаарч систем зөв хувь хэмжээ, дүнгээр автоматаар авах байдлаар хөгжүүлсэн нь хэрэглэгчээс хамаарсан алдаа гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байдаг.
Бусад програмтай холбогдох боломжтой юу?
Даянсофт компанийн баримтдаг нэг зарчим бол өөрсдийн үндсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр төвлөрөн ажилладаг бөгөөд бүх салбар нэгжийн програм хангамжийн зах зээл рүү ордоггүй. Энэ ч утгаараа бусад байгууллагын хөгжүүлдэг програм хангамжуудтай нээлттэй холболт хийж хамтран ажилладаг бөгөөд өдгөө 20+ интеграци холболтыг хийгээд байна.
Барааны өртөг яаж тооцдог вэ? FIFO, LIFO аргаар тооцох боломжтой юу?
Бараа материалын зарлагын өртгийг зөвхөн жинлэсэн дундаж өртгийн аргаар, хэрэглэгч өөрөө дурын хугацааны хооронд тооцдог бөгөөд FIFO, LIFO аргаар тооцох боломжгүй. Ажил гүйлгээ буруу бүртгэж, үлдэгдэл хасах болсон тохиолдолд өртөг тооцох боломжгүй шалгуур ажиллана. Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд бэлэн бүтээгдэхүүний өртгөө хуваарилах 2-3 төрлийн арга байдаг.
Онлайн сургалт хэрхэн явагддаг вэ?
ERP системийн бүх модулиар дэлгэрэнгүй жишээ заавартай, баялаг хөтөлбөртэй сарын турш үргэлжлэх, зарим модулийн хувьд 2 удаагийн давталттайгаар онлайн сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд сургалтанд хамрагдахаар төлбөр төлж, бүртгүүлсэн хэрэглэгч нар хуваарийн дагуу групп болон хамрагддаг. Хэрэв та тухайн сарын сургалтанд хамрагдаж чадаагүй, хоцорсон тохиолдолд дараагийн сарын сургалтанд нөхөн хамрагдах боломжтой. Сургалтаар бүх модуль, цонхны ажиллагааг маш дэлгэрэнгүй зааж өгөх бөгөөд анхнаас бүх сургалтанд хамрагдах, эсвэл зөвхөн шаардлагатай модулиудаа сонгон орж болно.